Tuesday, November 11, 2014

Шинжаанаар зорчсон аян замын тэмдэглэл - 3

2014/08/17 Хөх хот

       Одоогоос 430 гаруй жилийн өмнө Түмэдийн Алтан хаан үүсгэн байгуулсан, ӨМӨЗО-ы нийслэл Хөх хот нүдний минь өмнө харагдана. Улаабаатарын дайны хот байгаа болов уу гэсэн бодлыг минь худгийн мэлхийн бодол байсныг батлах мэт төсөөлснөөс хавьгүй том хот ажээ. Хожим интернетээр хайж үзснээр 2 сая 900 мянга орчим хүнтэй гэхээр арга ч үгүй юм. Эдгээрийн 200 мянга орчим нь Монгол хүн аж.

       Монгол хээ угалзтай барилга, Монгол баатрын хөшөө, хар тугны хөшөө гээд Монгол онцлогийг харуулсан бүтээн байгуулалт нилээдгүй харагдаж байв. Цонхоор хотын үзэмжийг харж явсаар төвд нь орж ирлээ. Төв хэсэгтээ зам нилээн түгжирч байв. Хагас км орчим зайд Хөх хот өртөө хэмээсэн Монгол бичиг дурайн харагдах нь миний буух газар бололтой. Буух газраа харснаас хойш бараг 20 минут түгжирч зогссоор нэг юм автобуснаасаа буулаа. Жил орчим интернетээр харилцсан ч огт уулзаж байгаагүй найзтайгаа уулзана гээд хэрдээ л догдолж байлаа. Машин тэрэгний өртөөний гарах хаалгаар гартал зургаар нь эчнээ мэдэх Ачлаа инээмсэглээд зогсож байв.