2014/08/17 Хөх хот
Одоогоос 430 гаруй жилийн өмнө Түмэдийн Алтан хаан үүсгэн байгуулсан, ӨМӨЗО-ы нийслэл Хөх хот нүдний минь өмнө харагдана. Улаабаатарын дайны хот байгаа болов уу гэсэн бодлыг минь худгийн мэлхийн бодол байсныг батлах мэт төсөөлснөөс хавьгүй том хот ажээ. Хожим интернетээр хайж үзснээр 2 сая 900 мянга орчим хүнтэй гэхээр арга ч үгүй юм. Эдгээрийн 200 мянга орчим нь Монгол хүн аж.
Монгол хээ угалзтай барилга, Монгол баатрын хөшөө, хар тугны хөшөө гээд Монгол онцлогийг харуулсан бүтээн байгуулалт нилээдгүй харагдаж байв. Цонхоор хотын үзэмжийг харж явсаар төвд нь орж ирлээ. Төв хэсэгтээ зам нилээн түгжирч байв. Хагас км орчим зайд Хөх хот өртөө хэмээсэн Монгол бичиг дурайн харагдах нь миний буух газар бололтой. Буух газраа харснаас хойш бараг 20 минут түгжирч зогссоор нэг юм автобуснаасаа буулаа. Жил орчим интернетээр харилцсан ч огт уулзаж байгаагүй найзтайгаа уулзана гээд хэрдээ л догдолж байлаа. Машин тэрэгний өртөөний гарах хаалгаар гартал зургаар нь эчнээ мэдэх Ачлаа инээмсэглээд зогсож байв.
Хөх хотын өртөө |
Тасалбараа авчихаад ачаа бараагаа буудал дээрээ тавьчихаад хоол идэхээр шийдэн хоноглох буудалруугаа шууд явлаа. Өрөөндөө ороод Ачлаад тасалбар, буудал, утасны нэгжний мөнгө зэргээ өгөх гээд нийт хэдийг өгөхийгөө асуусан чинь тасалбарны мөнгөө л өгчих, бусдыг нь хэрэггүй гэв. Гайхаад хэд болсон юм гээд дахиад асуусан чинь чи бол миний зочин, чи Өвөр Монголд байна зүгээр ээ гээд байхаар нь санаа зовоод, эвгүй байсан ч аргагүйн эрхэнд тасалбарны мөнгөө л өглөө. Сониноос юань гэж ярьсан чинь Ачлаа юу болохыг мэдэхгүй байв. Өвөр Монголчууд Хятадын юанийг төгрөг болон зоос гэж ярьдаг юм байна. Юань нь дээр ч Монгол бичгээр төгрөг гэж бичсэн байдгийг санав. Тэгээд буудлаасаа гараад Өвөр Монголын их сургуулийн ойролцоо байх "Буриад айл" хэмээх Буриад хоолны газар оров. Ханандаа Чингис хааны зургийг залжээ. Шинэ үе хамтлаг 4-р сард Хөх хотод ирж тоглосон бололтой тоглолтын зар нь байж байна. Үйлчлэгч охин нь Монголоор сайн ярих аж. Захиалгаа өгчихөөд хоолоо хүлээнгээ Ачлаатай ойр зуурын юм ярилцав. Тавгийг пял, соруулыг гуурс, салфеткийг амны цаас гэж ярьдаг юм байна. Соруул гэж бумба тавьдаг шилийг хэлдэг гэнэ. Ачлаа салфетка гэж хэлэх гэж нилээд юм болов. Интернетээр тараад байсан Монгол-Өвөр Монгол толь гэж нэрлэгдсэн үгнүүдийн ихэнх нь худал гэж байна. Жишээ нь зурагтын удирдлагыг алсаас эзэмдэгч гэхгүйгээр харамсалтай нь хятад үгийг нь ашигладаг аж. Ер нь сүүлийн үед технологи талын Хятад хэлнээс авсан зээлмэл үг, эсвэл махчилсан орчуулга их хэрэглэгддэг болсон гэнэ. Тусгаар улсын иргэн биднийг элэг нэгт ах дүү нартаа соёлоо хадгалахад нь туслахаасаа илүү элэглэж шоолохоо урьтал болгож байх зуур харийн соёлын нөлөө бага багаар тэнд шингэсээр л...
Бидний чадах чинээгээрээ хичээх гэж хэлдгийг болохын дотор чармайх гэж ярьдаг юм байна. Огт өөр үгнүүд хэрэглэж байгаа мөртөө яг адилхан утга илэрхийлж байгаа нь сонирхолтой санагдаж байв. Хичээх гэдэг үгийг аюулаас хичээх, болгоомжлох гэсэн утгаар нь ашигладаг юм байна. Намайг өмнө нь сайхан амрах гэж хичээж байна гэж ярихад амрахад яг юунаас болгоомжлох юм бол оо гэж дотроо гайхаж байсныгаа хэлж инээлдэв. Энэ мэтийн зүйлс ярьсаар битүү шөл, бууз идэж сүүтэй цай уув аа. Тэндээсээ гараад замаараа Монгол номын дэлгүүр оров. Төрөл бүрийн Монгол бичгээр бичигдсэн ном байх аж. Дотор нь дан Монгол хүмүүс ажиллах бөгөөд хүн бүр л дор бүрнээ Монголоор ярьж байх нь нутагтаа буй мэт дотно сэтгэгдэл төрүүлнэ. Монгол бичгээрх Монгол-Монгол толь сонирхож байгаад буцах замдаа ирж авахаар болоод гарлаа. Тэндээсээ гараад нэг бэекэри оров. Хөх хотод ер нь юмнууд нь Улаанбаатартай харьцуулахад үнэтэй санагдлаа. Тэндээсээ гараад хавь ойрыг ажиглан буудалруугаа алхав. Өглөөнөөс хойш хаяг уншиж явсных арай хурдан уншдаг болж байгаа мэт санагдаж байв. Гэхдээ зарим хаяг нь зүгээр л хятад үгийг монгол бичгээр бичсэн байх бөгөөд дэлгүүр хоршоо гэсэн төгсгөлийн үгийг нь л ойлгож байв. Буудалдаа очоод ойр зуурын юм ярьцгааж, маргааш цааш хамт явах хүүхэдтэй уулзаж танилцах, Хөх хотоор бага зэрэг зугаалахаар тогтоод амарцгаалаа.
No comments:
Post a Comment