Thursday, September 11, 2014

Шинэ Хязгаараар зорчсон аян замын тэмдэглэл - 2

Аялалд гарахын өмнө
2014/07/16 Улаанбаатар

       Удаан хугацаанд очиж үзэхийг хүсэн, бараг жилийн өмнөөс л энэ зун Өвөр Монгол явна гэж төлөвлөж байсан болохоор аялалд гарах өдөр ойртох тусам нилээд догдолж байлаа. Хэдийгээр анх төлөвлөж байснаас аяллын төлөвлөгөө ерөнхийдөө өөрчлөгдөж Шиньжянгаар голчлон аялж, Өвөр Монголоор дайрах төдий өнгөрөх болсон ч ялгаагүй л хуучны Монголынхоо нутгаар аялах тул сэтгэл дүүрэн байлаа. Энэ сэтгэл догдлолын хажуугаар үргэлж надтай хамт байсан зүйл бол гэр бүл, найз нөхдийн санаа зовинол байв.
- Чи яг хаашаа явна гэнэ ээ?
- Өвөр Монгол, Шиньжян.
- Яах гэж тийшээ явж байгаа юм?
- Сонирхолтой санагдаад л, тэндхийн Монголчуудтай уулзаж үзье.
- Тэгээд хэнтэй явах юм?
- Нэг Өвөр Монгол найз болон түүний найзуудтай нь хамт.
- Тэгээд Улаанбаатараас ганцаараа явах юм уу?
- Тийм, Хөх хотод найзтайгаа уулзана.
- Тэр найзыгаа яаж таньдаг юм?
- Өө интернетээр танилцсан юм аа.
- Өмнө нь хэр их уулзаж байсан юм? Ямаршуу хүүхэд юм?
- Дажгүй хөөрхөн ааштай хүүхэд байгаа, одоо л уулзана даа.
- ААААААааааааайййййййййнннн? Чи ер нь юунд л явах гээд байна даа. Яваад хэрэг байгаа юм уу? Санаа зовоогоод байлгүй зүгээр эндээ амар бла бла бла...... хаха. Иймэрхүү харилцан яриа нилээд болсны эцэст юутай ч явах өдөр ирлээ. Хамаг юмыг тулгаж хийдэг зангаараа цагийг нь тулгаж авч явах зүйлсээ бэлдээд л, мөнгө, пасспорт, тасалбар байхад бусад нь ч яахав, гэхдээ ямар нэгэн юм мартаагүй байлгүй дээ гэж найдаад л галт тэрэг хөдлөхийн өмнөхөн галт тэргэндээ амжиж ороод суулаа даа.

2014/07/16-2014/07/17 Улаанбаатараас Хөх хот орох замд

       Оюутан хүн тул аяллын төсвөө аль болох цомхон байлгах гээд Замын-Үүд хүртэл дотоодынхоо галт тэргээр яваад, цаашаа Эрээн лүү автобусаар хил гараад, тэндээсээ Хөх хот луу автобус юм уу галт тэргээр аялах хамгийн хямд маршрутыг сонгосон байв. Нэг талаараа олон хүнтэй уулзаж, гаднах орчноо харж явна гээд бас ч ашигтай. Замын-Үүд явах замдаа хотын унаган болон цэвэр хөдөөний эгч нартай хамт сууж тэдний хөгжилтэй яриаг сонсон аялал эхнээсээ л сонирхолтой өрнөж эхлэв. Анхлан хотын эгч маань анх удаа галт тэргэнд сууж үзэж буй хөдөөний эгчид галт тэргэнд суух хичээл заах нэрээр бага зэрэг явуулж эхэлсэн яриа сүүлдээ хот хөдөөгийн ялгаа, хөдөөгийн аж амьдралын тухай хөдөөний эгч хотын эгчид хичээл зааснаар өндөрлөв. Хөдөөний эгч нь бараг насаараа хөдөө амьдарсан бөгөөд хааяа хааяахан хэд хоногоор хотод ирдэг ч энэ удаа овоо хэдэн сар болж байгаа ажээ. Тэрээр их итгэмтгий хотын эгчийн явуулж хэлсэн болгонд итгэчихнэ. Зам зуур хотыхны амьдралыг өөрийнхөө нүдээр дүгнэснээ ярихыг нь сонсох үнэхээр хөгжилтэй байлаа. Хотынхон их бэлэнчлэх дуртай, мөнгө их үрдэг, хүүхдүүд нь зурагт, компьютерээс салдаггүй, нийтээрээ солонгос кино их үздэг, цагаан идээ сүүтэй цай нэг их хэрэглэдэггүй гээд л ярьж өгч байна аа. Нэг удаа угаалгын машинаас хувцаснуудыг нь гаргаад мушгих гэсэн чинь бэр нь хүүе боль боль та ханзалчихна энийг чинь сэгсрэгчээр сэгсэрчдэг юм гээд сандарч хэлснийг нь дууриаж хэлэнгээ би л тэд нарыг нь ханзартал мушгив гээд инээх нь хөгжилтэй. Хөдөө өвөл идэш бэлтгэх үеэр шинэхэн гаргасан хонины гэдсийг биен дотор нь хөрөхөөс нь өмнө ганцаараа хэрхэн гялс цэвэрлэдэг тухайгаа нүдэнд харагдтал ярьж, хотын бэр нь гэдэс арилгах гэж хэд хэд таслаад богинохон богинохон цус идсэн тухайгаа ярингаа халаглана. Аа бас хөдөөгийхөн хотод ирэхээрээ хотыхноос айдаг гэсэн. Хотод ирэхэд нь ах нь за тэгээд битгий хотыхны дэргэд олон юм ярьж хөдөөнийх гэдгээ мэдэгдүүлчихээрэй гэж хэлсэн гээд л инээгээд ярих нь гэнэн цагаан. Уг нь бол хамт сууж яваа бараг бүх хүмүүс нь хотынхон.

       Тог тог, тог тог хийлгэн галт тэрэг маань явсаар яг хуваарь ёсоороо 14 цагийн дараа Замын-Үүд дээр ирлээ. Энэ дашрамд манай галт тэрэг яг хуваарийн дагуу явж, үйлчлэгч нар нь ч харьцааны соёл сайтай байсныг дурьдах хэрэгтэй болов уу. Замын-Үүд дээр буугаад шууд л хил гаргах автобусандаа суулаа. Автобус ч удалгүй хилийн зүг хөдөллөө. Замын-Үүдэд энэ тэндгүй өнгөлөг шинэ барилга баригдаж бүтээн байгуулалт нилээд явагдаж байна лээ. Хэдэн залуусын санаачлагаар барьж байгаа гэж сонсогдож байсан соёмбоны хөшөө ч баригдаж дууссан байв.


       Монголын хил гарах болоод бүгд автобуснаасаа буухад уг нь урдхан суусан байсан болохоороо түрүүлээд оочерын төгсгөлд очоод зогстол хойноос буусан хүмүүс оочер дайраад байхаар нь за бүгд л энэ автобусандаа суухаас хойш гэж бодоод л тоохгүй зогсож байгаад хойгуур шахуу орлоо. Ороод л хавь орчноо харж явтал хориотой барааны тухай заалтаа дүрмийн алдаатай биччихсэн байв. Улсын үүд хаалга байж арай ч дээ л гэж бодлоо. Зургийг нь авах гэсэн боловч амжсангүй. Тэгээд л штампаа даруулах гээд зогсож байтал яг миний урдхан талын хүнийг шалгаад л шалгаад л хэдэн ч минут болов. Харсан чинь манай автобусныхан бараг бүгд гарчихаж. Наашаа ч үгүй цаашаа ч үгүй зогссоор байгаад арай гэж гартал автобус минь яг хаяад хөдөлж байдаг байна шүү. Гүйж очоод л ортол автобус дүүрэн хүн уцаарлаж гарав. Өөрийгөө өмөөрчих санаатай нэг тайлбар хэлэх гээд л харсан бөөн ууртай царай харагдаад үг дуугүй суув аа. Чимээгүйхэн сууж явсаар Хятадын хилээр ортол нөгөө оочер дайраад байсан хүмүүс чинь Хятадын цагдаа нарын хяналтан доор ном журмаар нь дуугүй дарааллаараа орох нь хачирхалтай бас өрөвдөлтэй. Хилийн шалганы ажилтан нь Өвөр Монгол эмэгтэй бололтой пасспортны зураг тулгахдаа шилээ авна уу хэмээн Монголоор хэлэх нь чихэнд дотно. Ингээд аяллынхаа замд анхны Өвөр Монгол хүнтэйгээ хальт яриад амжлаа.

       За нэг юм хил даваад л Эрээнд орж ирлээ дээ. Хүмүүсийн ярьдагаар хөгжил бол Замын-Үүдээс илүү илүү. Энэ тэндгүй хиймэл зүлэг, ногоон байгууламж, хөшөө дурсгал сайтай. Хаягжилт бол тэгээд л Монгол бичгээр, кирилээр, ханзаар гээд гурван бичгээр. Замын тэмдэглэл, албан байгууллагын хаяг гээд бүхий л зүйл дээр Монгол бичиг байх нь сайхан. Кирил нь бол алдаа ихтэй. Автобус ч явсаар "Олон улсын аянчдын машин тэрэгний өртөөн дээр" буунгуут л нэг Хятад "Хөх хот 10-с Хөх хот 10-с" гээд орилж байхаар нь том автобус уу гэж асууж байгаад дагаж очоод автобусны билет ээ хялбархан авчихлаа.


       Яг аль автобусанд хаанаас суухыгаа гайхшран хүнээс асуух санаатай автобусны буудал дотор ийш тийшээ хараад л гэнэт ганцаараа болсныгоо анзаарав. Хил хамт гарсан хүмүүс бодвол бүгд зээл рүү нь явсан бололтой. Эрх биш Хөх хот явах юм чинь Монголчууд болон Өвөр Монголчууд нилээн явах байх гэж бодож байсан ч эргэн тойронд Монгол төрхтэй хүн харагдахгүй, хятадаар шулганасан хүмүүс л сонсогдохоор бага зэрэг эвгүй санагдаж байлаа. Хэлгүй бол хөлгүй гэдэг үгүй ээ мөн үнэн үг юм аа гээд л бодож зогстол ашгүй хэдэн Монголчууд Монголоор яриад ороод ирэхээр нь асуутал явах дөхөөд ирэхээр чинь зарлана. Тэгэхээр нь очоод суу л гэж байна. За гээд хүлээж байтал хөдлөхөөс 15 орчим минутын өмнө харин овоо Хятад, Монгол, Англи гээд 3 хэлээр зарладаг юм байна.

Орж суучихаад л Ачлаад за суучихлаа гэсэн чинь хэдээс Хөх хотын аль буудал дээр бууна гэж байна гэхээр нь нээрээ юу билээ гээд гайхаж суутал урдхан нэг Өвөр Монгол ах "хүүхнээ (охиноо) хүргэж өгчихөөд харьж явна" гээд утсаар яриад сууж байхаар нь дуусахаар нь тодруулж  асуутал "ах нь "Сайхан тал" орно, сайн мэдэхгүй" гэж байна. Мэддэг хүнээс нь асуугаад өгөөч гэж гуйгаад үдээс хойш 4 гээд хуучин вокзалынх нь дэргэдэх автобусны буудал дээр буухыгаа мэдэж авлаа. Эрээнээс гараад л өргөн цөл угтах аж. Энэ тэндгүй хэдэн зуун үлэг гүрвэлийн хөшөөнүүд барьжээ. Том том салхин сэнс хэдэн зуугаараа харагдана.

Замд олноороо тааралдах шатахуун түгээх станц
Дөрвөд хошуу
        Хурдны зам нь өөгүй тэгшхэн. Замд дайран өнгөрөх хот, суурин болгоны хаягжилт Монгол бичгээр болон ханзаар бичигдэж. Гэхдээ сэтгэл дагаад ч тэр юм уу Монгол бичгээрх хаяг нь ханзтай харьцуулбал жижигхэн, хуучин харагдана. Зарим газрых нь Монгол бичгээр бичсэн хаягны ганц нэг үг нь уначихсан эсвэл бүр бүгд уначихсан ч харагдана. Зарим нь ханзаар бичсэн хаягаа шинэчлээд, Монгол бичгээрх ээ шинэчлэлгүй орхижээ. Эдгээрийг харах зуур өөрийн эрхгүй эдгээр хаягийг юу энд тогтоон үлдээж байна вэ?, Ачлаатай уулзахаараа хаягийг Монгол бичгээр хаяглах ёстой гэсэн хууль бий юу? хэмээн асууна аа гэж бодлоо. Одоохондоо гадна, дотны хэнийг ч харсан энд Монгол хүн байдаг, Монгол нутаг юм шүү гэдгийг мэдрүүлэх эдгээр жижигхэн, хуучирсан, хэзээ мөдгүй унах мэт харагдах хаягнууд, энд хэр удах бол оо. Өнгөө засах болов уу? Энэ мэтийг бодсоор явтал Хөх хотын бараа харагдлаа. ХӨХ ХОТ ......

Хөх хотын бараа

4 comments:

  1. Өвөр Монголоор дайрах гэдэг болж байна. Харин ᠌"Өвөр Монгол найз" гэж биш "өвөр монгол найз", "монгол бичиг" гээд жижгээр засаад биччих.

    ReplyDelete
    Replies
    1. бас монголчууд гэж жижгээр бичнэ. монгол үндэстэн, монгол хэл бичиг, үсэг соёл, монгол нутаг гэж хэлэх бол дан жижгээр бичнэ. Газар орны нэрийг бол томоор Монгол улс, Хятад улсын Өвөр Монгол орон гэх мэт. Сайхантал балгас бол Сөнөд баруун хошууны төв бөгөөд Эрээн-Хөх хотын зам дахь гол өртөө, суурин юм. Манайхаар бол Сайншанд шиг юм уу даа. Бас замаараа Улаанцав хотын Дөрвөд хошууны төвөөр дайрсан байх ёстой. Энд ӨМ-ын газрын зураг бий. http://www.solongo.net.cn/mdls/ah/ahw.aspx?pid=0&alias=menkcms&iid=30438&mid=4748&wv=P

      Delete
  2. aa yostoi goy. shuud setgeld togtohoor todorhoi bichjee.

    ReplyDelete
  3. нийтлэлийн нэр өөрчлөх хэрэгтэй. Дараагийнхаас Шиньжян (Шинжаан) аяллын тэмдэглэл гэвэл зүгээр. Тэгвэл Гүүглийн хайлтаар илэрч олон хүнд хүрнэ.

    ReplyDelete