Оршил буюу аяллаа эхлүүлэх болсон шалтгаан
Багадаа би газрын зураг эргүүлэх дуртай хүүхэд байлаа. Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь хэмээх гурван боть улаан номны хэдэн газрын зургийг тал талаас нь их л харж хаана ямар улс, ямар нэртэй хотууд байдаг талаар сонирхдог байв. Тэгэх зуур миний анхаарлыг их татсан нэрс бол яахын аргагүй Хөх хот, Бугат, Улаан-Үүд, Байгал нуур, Далай нуур, Гашуун нуур зэрэг Монгол нэртэй ч Монголын нутаг дэвсгэрт харъяалагдан будагдаагүй газар усны нэрс байв. Энэ гайхшралаас улбаалан Өвөр Монгол, Буриад зэрэг өөртөө засах орнуудын тухай анх мэдээд байсан үед ээж минь Монголын эзэнт гүрнүүдийн түүхэн газар нутгууд болон, өнөө үед хаана, хаана ямар Монгол үндэстэн амьдарч байгааг харуулсан том он тооллын цаглабар (календарь) өгсөн юм. Тэдгээр зургийг хараад аав надад тал талд амьдран суурьшсан Монгол үндэстнүүдийн талаар хэлж өгөн, анхлан Шиньжянгийн Монголчууд, Халимаг, Хазара зэрэг бусад Монгол гаралтнуудын талаар мэдэж авсан юм. Он цаг улирсаар зав зай, бололцооныхоо хэрээр тархан суурьшсан
Монголчуудын талаар уншсаар нэг л мэдэхэд би Монгол судлалд сонирхолтой
болчихсон байлаа. Ийм ч болохоор өнөөгийн манай улсын хилийн гадна буй Монгол
нутгуудаар аялж, газар газрын Монголчуудтай уулзаж үзэхийг хүсдэг болсон юм.
Энэ олон тархан суурьшсан Монгол үндэстнүүдийн дундаас нийгэмд хамгийн их дурьдагддаг болохоор нь ч тэр үү, Өвөр Монголчуудын талаар анхлан сонирхож байв. Тэдгээрийн талаар хамгийн анхны мэдээлэл бол ааваас сонссон "уг нь Монголын газар нутаг байсан, одоо хэдэн сая орчим Монгол хүмүүс тэнд амьдардаг" гэсэн мэдээлэл л байлаа. Үүн дээр Өвөр Монголын өөртөө засах орны (ӨМӨЗО) одон теливизийн нэвтрүүлэгчдийн биднийхээс өөр ч бүрэн ойлгогдохуйц аялга сонирхол нэмж байлаа. Ингэж өдөөгдсөн сонирхол дээр олон нийтийн дундах Өвөр Монголчуудын талаарх сөрөг ойлголтууд, тэдгээрийн дунд цөөхөн ч гэсэн яригдах Өвөр Монголчуудыг өмөөрсөн яриа бүүр ч сонирхлыг минь татна. Тал талын сөрөг тал нь давамгайлсан мэдээлэл их сонсон ч илүү бодитой,
цуу яриа биш юм шиг санагддаг байсан цөөн эерэг мэдээлэлд би илүү итгэж байсан
юм. Үе үе цахим ертөнцөөр Өвөр Монголчуудыг Хятадуудад ууссан гэсэн үзэлд хэт туйлширсан хүмүүстэй цахим ертөнцөөр маргалдаад авах ч тохиолдол гардаг байв. Маргалдахын хажуугаар яагаад энэ хүмүүс энэ үзэлд ийм их итгэж байгаа юм бол оо гэж бодно. Өвөр Монголд Монголоо гэсэн олон Монгол хүн байгаа гэсэн өөрийнхөө бодолд итгэлтэй байсан ч эсрэг бодолтой хүн олонх нь байх тул бодлоо дахин цэгнэж үзнэ. Өөрийн бодлоо үнэн эсэхийг шалгах ганц арга бол мянга сонсохоор нэг үз гэдэгчлэн өөрийн нүдээр очиж үзэх л юм шиг санагдана. Олон бодлууд дунд өөрийнхаа бодолд хааяа эргэлзэх сэтгэгдэл төрдөг болсон үед азаар Ачлаа (Ачила буюу Ачил) хэмээх Ордос нутагтай үеийн хүүтэй фэесбүүкээр танилцан нөхөрлөж, өнгөрсөн зун хамтдаа нэгэн цагт Монгол нутаг байсан хуучнаар Шинэ Хязгаар буюу одоогийн БНХАУ-ын Шиньжян-Уйгарын өөртөө засах орноор (ШУӨЗО) аялах боломж гарсан юм. Өвөр Монголчууд болон Шинжаны Монголчууд яг яаж шуу аж төрдөг вэ? Тэд үнэхээр уусчихсан уу эсвэл олон Монголоо гэсэн Монголчууд тэнд байна уу?
*Үргэлжлүүлээд аяллын тэмдэглэлээ заваараа өдөр өдрөөр нь бичиж оруулна. Зөв бичих дүрэм, найруулга болон агуулгын алдаа байвал санаа зоволтгүйгээр засаж, зөвлөж байгаарай.
Болд андын тэмдэглэлийг шимтэн уншиж байна. Фэйсбүүкт зөвшөөрөл авсныхаа дагуу энд зөв бичих дүрмийн зөвлөмж үлдээе. 1) Яс үндэсний нэрийг өгүүлбэрийн дунд жижгээр эхлүүлж бичнэ. Та дээр газар орны нэртэй адил томоор бичсэн. 2) Шинжан гэж бичсэнийг Шиньжян болгох, Шинжаны гэж бичсэнийг Шиньжянгийн гэх хэрэгтэй. Үгийн дундах н бол хэлний үзүүрийн н учраас ардаа зөөлний тэмдгээр тодотгож, үгийн эцсийн н хэлний угийн н учраас Бээжингийн гэдэгтэй адил г үсэг нэмж гарч ирж залгагдана. 3) Шиньжян (Шинэ хязгаар) гэсэн энэ газар бол муж биш орон (тодруулвал өөртөө засах орон). Өөрөөр хэлвэл бидэнтэй ойр газар учраас хайнга ойлгож болохгүй. улсын доторх харъяат орон юм. 4) Дээрх алдааг дараагийн нийтлэлд гаргахгүй байгаарай. 5) Шиньжянгийн дотоод тойрог, аймгийн нэрийг бичихэд бас анхаарах зүйл бий. Тухайлбал англи, оросоос өөрөөр хэлэх монгол нэрс байна. Үүнд Хамил, Хулж, Хармай, Өрөмч, Тарвагатай, Монголхүрээ, Ховогсайр... гэх мэтээр цувна. 6) Найруулга, сэтгэл хөдлөл маш сайхан байна. Удаах олон дугаар тэмдэглэлийг тэсэн ядан хүлээж байна.
ReplyDeleteБаярлалаа. Яс үндэсийн нэрийг жижгээр бичнэ гэхээр Монгол гэдэг үгийг жижгээр бичих их эвгүй юм аа.
Deleteтэмдэг нэр жижгээр бичнэ. харин ч дотно, дасах хэрэгтэй.
Delete