Tuesday, November 11, 2014

Шинжаанаар зорчсон аян замын тэмдэглэл - 3

2014/08/17 Хөх хот

       Одоогоос 430 гаруй жилийн өмнө Түмэдийн Алтан хаан үүсгэн байгуулсан, ӨМӨЗО-ы нийслэл Хөх хот нүдний минь өмнө харагдана. Улаабаатарын дайны хот байгаа болов уу гэсэн бодлыг минь худгийн мэлхийн бодол байсныг батлах мэт төсөөлснөөс хавьгүй том хот ажээ. Хожим интернетээр хайж үзснээр 2 сая 900 мянга орчим хүнтэй гэхээр арга ч үгүй юм. Эдгээрийн 200 мянга орчим нь Монгол хүн аж.

       Монгол хээ угалзтай барилга, Монгол баатрын хөшөө, хар тугны хөшөө гээд Монгол онцлогийг харуулсан бүтээн байгуулалт нилээдгүй харагдаж байв. Цонхоор хотын үзэмжийг харж явсаар төвд нь орж ирлээ. Төв хэсэгтээ зам нилээн түгжирч байв. Хагас км орчим зайд Хөх хот өртөө хэмээсэн Монгол бичиг дурайн харагдах нь миний буух газар бололтой. Буух газраа харснаас хойш бараг 20 минут түгжирч зогссоор нэг юм автобуснаасаа буулаа. Жил орчим интернетээр харилцсан ч огт уулзаж байгаагүй найзтайгаа уулзана гээд хэрдээ л догдолж байлаа. Машин тэрэгний өртөөний гарах хаалгаар гартал зургаар нь эчнээ мэдэх Ачлаа инээмсэглээд зогсож байв.

Thursday, September 11, 2014

Шинэ Хязгаараар зорчсон аян замын тэмдэглэл - 2

Аялалд гарахын өмнө
2014/07/16 Улаанбаатар

       Удаан хугацаанд очиж үзэхийг хүсэн, бараг жилийн өмнөөс л энэ зун Өвөр Монгол явна гэж төлөвлөж байсан болохоор аялалд гарах өдөр ойртох тусам нилээд догдолж байлаа. Хэдийгээр анх төлөвлөж байснаас аяллын төлөвлөгөө ерөнхийдөө өөрчлөгдөж Шиньжянгаар голчлон аялж, Өвөр Монголоор дайрах төдий өнгөрөх болсон ч ялгаагүй л хуучны Монголынхоо нутгаар аялах тул сэтгэл дүүрэн байлаа. Энэ сэтгэл догдлолын хажуугаар үргэлж надтай хамт байсан зүйл бол гэр бүл, найз нөхдийн санаа зовинол байв.
- Чи яг хаашаа явна гэнэ ээ?
- Өвөр Монгол, Шиньжян.
- Яах гэж тийшээ явж байгаа юм?

Wednesday, September 3, 2014

Эхлэл

       Бодрол гэдэг үгийг би бодсон бодлууд гэж ойлгодог. Тийм ч болохоор энэхүү блог дээр би өөрийнхөө бодож буй зүйлсийн талаар бичиж байх болно. Фэесбүүк зэрэг олон нийтийн харилцааны хэрэгслүүд гарснаар блог бичигч цөөрсөн өнөө үед нэгэн шинэ блогчин нэмэгдэж байна.

       Дашрамд Я.Цэвэл гуайн Монгол хэлний товч тайлбар толь бичигт Бодрол хэмээх үгийг "ямар нэгэн ухааныг тайлбарлах мэдрүүлэх зохиол" хэмээн тайлбарлажээ.

Миний бодролд тавтай морилно уу
Д.Болд
2014/09/03

Шинэ Хязгаараар зорчсон аян замын тэмдэглэл - 1

Оршил буюу аяллаа эхлүүлэх болсон шалтгаан

       Багадаа би газрын зураг эргүүлэх дуртай хүүхэд байлаа. Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь хэмээх гурван боть улаан номны хэдэн газрын зургийг тал талаас нь их л харж хаана ямар улс, ямар нэртэй хотууд байдаг талаар сонирхдог байв. Тэгэх зуур миний анхаарлыг их татсан нэрс бол яахын аргагүй Хөх хот, Бугат, Улаан-Үүд, Байгал нуур, Далай нуур, Гашуун нуур зэрэг Монгол нэртэй ч Монголын нутаг дэвсгэрт харъяалагдан будагдаагүй газар усны нэрс байв. Энэ гайхшралаас улбаалан Өвөр Монгол, Буриад зэрэг өөртөө засах орнуудын тухай анх мэдээд байсан үед ээж минь Монголын эзэнт гүрнүүдийн түүхэн газар нутгууд болон, өнөө үед хаана, хаана ямар Монгол үндэстэн амьдарч байгааг харуулсан том он тооллын цаглабар (календарь) өгсөн юм. Тэдгээр зургийг хараад аав надад тал талд амьдран суурьшсан Монгол үндэстнүүдийн талаар хэлж өгөн, анхлан Шиньжянгийн Монголчууд, Халимаг, Хазара зэрэг бусад Монгол гаралтнуудын талаар мэдэж авсан юм. Он цаг улирсаар зав зай, бололцооныхоо хэрээр тархан суурьшсан Монголчуудын талаар уншсаар нэг л мэдэхэд би Монгол судлалд сонирхолтой болчихсон байлаа. Ийм ч болохоор өнөөгийн манай улсын хилийн гадна буй Монгол нутгуудаар аялж, газар газрын Монголчуудтай уулзаж үзэхийг хүсдэг болсон юм.